Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ. Миний үеийхний бүх л эцэг эхчүүд өөрсдийн амьдралаа хүмүүсийн ярьдгаар 0-с эхэлсэн. Миний аав ээж ч тэдний нэг байсан юм. Аав маань хотод их сургуулиа төгсчихөөд, нутагтаа очоод буцаж хотод хүрж ирэхдээ ганцхан үүргэвчтэй ирж байсан гэдэг. Гэтэл одоо харахад тэр үед амьдралын төлөө, өөрийн мөрөөдлийнхөө төлөө тэмцээгүй байсан бол аав маань энэ түвшинд хүрэхгүй байсан байх. Жижиг ч бай, том ч бай ямар ч мөрөөдөл, хүсэл зорилго хүнийг одоо байгаагаас нь дээр түвшинд аваачиж чаддаг юм. Намайг 4,5 настай жоохон байхад манайх айлын хажуу өрөө түрээслэж амьдардаг байлаа. Байрны эзний хүүхэд нь 1-р ангид орсон гэнэ гэдгийг сонсоод аав маань ээжид "Охиноо насыг нь болохоор 1-р сургуульд оруулана аа" гэж билээ. Тэгсэн чинь ээж пөөх гэж ирээл " Тэр сургуульд чинь хүүхдүүд нь өдөртөө л 10,000₮ хэрэглэдэг гэсэн шдээ 2уулаа дийлэх үү" гээд инээж билээ. Үнэхээр ч тэр үед алдартай 1-р сургуульд хүүхдээ сургана гэдэг аав ээжид минь дэндүү ахадсан санагдсан байх.
Би яг сургуульд ордог жилдээ гэрийнхээ харьяа 31-р сургуульд орсон юм. Гэхдээ хоёрхон жилийн дараа нөгөө их хүсээд байсан 1-р сургуульдаа орсон. Хэрвээ энэ сургуульд ороогүй байсан бол одоогийнхоосоо шал өөр байдалтай явж байх байсан байх. /Сургуульдаа их баярлаж явдаг :)/ Миний аав ээжийн тэр жижигхэн мөрөөдөл ч гэх юмуу хүсэл биелсэн нь миний амьдралын суурийг их сайн тавьсан гэж би боддог.
Мөрөөдхөөс битгий ай. 2006 онд би дунд ангид орлоо. Манай ангийг багшлаад 2,3 жил болж байгаа шинэ багш авахаар болсон юм. Анхны хичээлийн өдрүүд өнгөрсөөр л, манай анги даасан багш маш шаргуу хөдөлмөрч хүн байсан болохоор ангитайгаа их ажилладаг байлаа. Бүр өөрөө химийн багш мөртлөө бид нарт математикаар давтлага өгдөг байсан хохохо. Тэгээд нэг өдөр ангийн бүх хүүхдүүдийг нимгэхэн 12 хуудастай дэвтрийг голоор нь хуваагаад авч ирээрэй гэв. Маргааш нь аваад л очлоо. Багш "Энэ хичээлийн жилийнхээ 3 зорилгыг бич" гэнэ. Би " 1.Онц сурах 2. (Юу гээлээ дээ, сурагчдын зөвлөлдөө сайн ажиллах ч гэл үү, сайн санахгүй байна хаха) 3.-т гэсэн чинь бичих юм олдохгүй байлаа. Би угна математикийн олимпиадаас медаль авах нууцхан мөрөөдөлтэй байсан юм. Тэгээд тэрийгээ бичих гэхээр биелүүлж чадахгүй бол багшийн царайг яаж харнаа гэж бодоод бичихгүй байгаад л байлаа. Тэгсэн чинь багш заавал 3 бич гээд байхаар нь "Заза дүүрсэн хэрэг" гэж бодоод биччихсэн :p. Тэгээд тэр өвөл нь манай сургууль "Математикийн стандарт олимпиад" зохиогоод тэрэнд би хүрэл медаль авж билээ. Медалиа авчихаад аймар сүртэй баярлаад л, зорилготой байхын сайхныг анх удаа л мэдэрсэн байх. Тэр жилээс хойш тэр олимпиадад жил болгон медаль авахын төлөө байсан зорилго минь хичээл хийх урам зоригийг их өгдөг байж билээ.
Анхны алхам хамгийн хэцүү байдаг, үүнийг давчихвал цаашдаа хялбар болно. 6,7-р ангидаа бусад хичээлүүд дээр гайгүй гардаг мөртлөө англи хэл дээр үнэхээр зовж байж чүү чаа 90 шүргэдэг байсан юм. Үнэхээр ч миний англи хэлний мэдлэг муу байлаа. Тэгээд аав маань Santis-д шалгалт өгөөд сур гэнэ. Аав маань намайг англи хэлдээ сайн гэж бодоод л "Чи ядаж дунд түвшинд нь орох юм байгаа биздээ гээд л" би болохоор юу ч дуугарахгүй л байгаад байдаг байлаа. Нөгөө шалгалт өгөх өдөр нь ч болоод аав бид 2 Santis-д шалгалтаа өгөхөөр очсон чинь бичгээр бас амаар шалгалт авна гэнэ. Амаар шалгалт өгнө гэдгийг нь сонсоод "Ёоо одоо яаанааа!!!" гээд л явчихсан. Эхлээд бичгээр шалгалт өгч байхдаа эхний хэсгийг нь ч яахав хийгээд л, сүүл рүүгээ улам л хэцүү болоод байв. Би гэдэг хүн жинхэнэ нөгөө ойд төөрсөн сармагчин лугаа адил болж байгаам даа :p. За тэгээд нөгөө аймшигтай ам шалгалтыг нь өгөх гээд зогсож байсан чинь миний өмнө 2 эгч орчихоод "Яаанаа, ёстой тэнэг юмаа" гээд л гараад ирсэн. Би аргагүй эрхэнд орлоо. Нэг гадаад багш байнаа. Эхлээд "What color is it?" "What's your hobby?" гээд асууж байснаа нэг асуулт асуудгийн байна. Би тэрийг нь ойлгодоггүй эээ. Тэгээд би дахиад хэлээч гэдгийг англиар юу гэж хэлсэн гэж бодож байна? "Try again" OMG!!! Одоо болтол энийг бодохоор ичиж үхэх гээд байдаг юм. Тэр үед яагаад тэгж хэлсэн бэ гэхээр, компьютерийн тоглоом тоглоод хожигдчихоор "Try again" гэж гарж ирэхээр нь аан ахиад гэсэн үг юм байна гэж ойлгосон юм. За тэгээд угаасаа муу өгсөн учраас level-1-д орсондоо. Тэрнээс хойш би Сантис сургалтын төвд байнга явдаг болж англи хэл дээр толгой өвдөхөө больж, TOEFL-ийн шалгалтыг өгөх хүртлээ англи хэлд суралцсан. Одоо ч гэсэн миний англи хэл төгс биш үргэлжлүүлэн суралцсаар л байна.
Дээр дурьдсан үйл явдлуудаас миний сурсан зүйл бол: Мөрөөдөл зорилго чинь хүршгүй мэт санагдаж болно. Хүмүүс чиний ярихийг сонсоод шоолж инээ ч болно. Гэхдээ хүлээгээрэй энэ дэлхийд хэзээ ч бүтэхгүй зүйл их ховор гэдгийг санаарай. Хамгийн гол нь зорилгодоо хүрэхийн тулд зогсож л болохгүй. Чиний зорилго гээд чиний зогсож байгаа газраас хамаагүй хол, харагдах үгүйтээ тийм оргил байж гэж бодъё. Тэр оргил лүү хүрэх замаа эхнээс нь олох хэрэгтэй, шулуун зам байх тусмаа сайн. Харин нэгэнт замдаа орчихсон бол хөдлөх хэрэгтэй. Замаараа гүйж яваа бол маш сайн байна, алхаж яваа бол сайн байна, бүр болохгүй мөлхөөд ч болов өөрийн тэр зорилгодоо ойртож л байв л болох нь тэр. Мөн мөрөөдөх, зорилгийнхоо төлөө тэмцэх гэдэг тэр чигээрээ эрч хүчийг чамд амсуулж, амьдралын баяр баясгаланг өгөх болно. Тиймээс "бай-гаа" онил, түүндээ хүр, зоригтой бай бас хамгийн гол нь хөдөлмөрч бай. Амжилт!!!
(Энэхүү нийтлэлийг уншаад та магадгүй юунд ч хүрээгүй жаахан охин том, том юм бичиж байна гэж бодож байж магадгүй. Дээр дурьдсан зүйл зөвхөн миний үзэл бодол ба би эдгээрийг дотроо бодож, амьдралынхаа чиг шугам болгон явдаг юм. Үүнийгээ л бусадтай хуваалцахийг хүслээ. Үг үсгийн алдаа байвал уучлаарай бас нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа :D)

No comments:
Post a Comment