Friday, January 11, 2013

"Өөдрөг үзэл" мандтугай



                                                        








  Хэрвээ "Өөдрөг үзэл","Боломжгүй зүйл гэж байхгүй" гэсэн үзэл байхгүй байсан бол хүн төрөлхтөн энэ их хөгжил, цэцэгжилтэнд хүрэхгүй байх байсан. Одоогийн бид нарын хэрэглэж байгаа зүгээр л нэг хэрэглээний зүйлс бол хэдэн зуун жилийн өмнөх хүмүүн төрөлхтний төсөөлж ч үзээгүй эд зүйлс. Олон сая жилийн өмнө тоо тоолох гэдэг асуудал бол хүмүүст хэтэрхий хийсвэр, ой тойнд багтхааргүй хэцүү зүйл байсан аж. Гэтэл одоо хардаа бараг л боломжгүй зүйл гэж байхгүй болчихсон байгаа биздээ. Энэ өөдрөг үзэл хүн төрөлхтөнд ийм зүйлийг өгж чадсан юм чинь надад, танд, бид бүгдэд яг адилхан үр дүнг үзүүлэх болно!!! :))
       Мэдэхгүй юм, би хааяа бухимдалтай сэтгэл гутарсан үедээ өөрт тохиолдоод байгаа бүх зүйлээ гаргаад хэлчихмээр, блог ч юмуу ямар нэгэн юман дээр биччихмээр санагддаг. Ер нь ч  хэдэн жилийн өмнө ч тэгээд л messenger status нтр дээрээ биччихдэг л байлаа. Одоо бодоход хэрэггүй л тэгдэг байж гэж боддог. Ямар ч үр дүнгүй, жаахан сэтгэлээ нээж, бухимдалаа гаргасан  төдий л... Нэг тийм хар энергитэй ч гэх юм уу. Тэрийг уншсан хүмүүст ч гэсэн сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Харин одоо бол арай өөрөөр, намайг хамгийн сайн ойлгодог хүндээ сэтгэлээ нээгээд л, зорьж байгаа зүйлсийнхээ зураг ч юм уу мэдээллийг уншаад, мөрөөдлийнхөө талаар, хайртай хүмүүсийнхээ бас өөрийнхөө төлөө иймхэн зүйлийг даваад гарж чадна гэж боддог. Уйтгар гуниг, сэтгэл гутрал, уур бухимдалыг хамгийн сайн гаргаж өгдөг зүйл нь юмыг эерэг талаас нь харж, өөдрөг байх юм болов уу гэж би бодож байна. 
         Өөдрөг үзлийн цаана гоё энерги, эрч хүч, юуг ч хийж бүтээх хүсэл эрмэлзэж буцалж байдаг. Эргэн тойрноо хараад байхад өөдрөг үзэлтэй хүмүүс л шинийг бүтээж, хүмүүсийг тайвшруулж, урмыг үгээр тэтгэж, бусдад гэрэл гэгээг түгээдэг юм шиг. Харин гутаранга үзэлтэй хүмүүс дандаа юмыг муу талаас нь харж, шүүмжилж байдаг. Яахав хүн хэр их бүтэх магадлалтай вэ гэдгийг realistic үзлээр харж болно л доо. Гэхдээ л боломж бага байгаа ч гэсэн туршаад үзэх хэрэгтэй гэж боддог. Энэ удаад бүтэхгүй ч энэ үйлдлээрээ би ямар, ямар шинэ зүйлсийг өөртөө нээх вэ гэдгийг бодох хэрэгтэй. За тэгээд залуу хүн бол юм юмыг туршиж үзэх л хэрэгтэй болов уу :P.  Би хааяа  хэдэн жилийн өмнөх хийж, зориглож үзээгүй зүйлсээ бүтэхгүй байсан ч гэсэн туршаад үзэхгүй яав даа гэж боддог. Дөнгөж арван наймхан настайдаа ингэж байгаа юм чинь жоохон нас хэвийхээр би гэдэг хүн энэ хэвээрээ яваад байвал их олон зүйлс харамсах юм шиг санагддаг.  Тиймээс зүгээр л хийхийг хүссэн зүйлсээ зоригтойгоор хийхийг л хүсдэг. Миний амьдрал дөнгөж эхэлж байна, алдсан ч цаана нь дахиад оролдоод үзэх зөндөө боломж байгаа юм чинь :)). Харин бодлогогүйгээр буруу, буруу үйлдэл хийхийг өөдрөг үзэл гэхгүй шүү! Долоо хэмжиж, нэг огтол гэдэгдээ. Үнэхээр чамд тэр нэгэн зүйлийг хийх хүсэл төрөөд, чадах юм шиг санагдаад байвал айдас гэдэг зүйлээ өөдрөг үзлээр солиорой :))
              Манай нэг эгч байдаг юм. Жинхэнэ өөдрөг үзлийн охь, ундрага шиг хүн дээ. Яг нөгөө С.Жавхлан-гийн "Болно доо, болно оо хоёулаа" гээд дуун дээр гардаг шиг л "Болно оо, болно" гэдэг үгийг байнга хэлдэг. Тэр хүн өөдрөг үзэлтэй, эерэг хүн болохоор ажил төрөл нь байнга бүтэж, хүмүүсээр байнга хүрээлүүлж явдаг."Наадахаа боль, бүтэхгүй" гэдэг үгийг бараг л амнаас сонсож байгаагүй санагдаж байна. Тэр эгч маань охинтойгоо хоёулхнаа амьдардаг. Охиных нь бие ч гэсэн жирийн хүүхдийнх шиг эрүүл саруул биш. Охиныг нь бага байхад тэр эгч маань бүр хорт хавдар тусаад эдгэсэн. Магадгүй тэр хүнд сэтгэлийн тэнхээ, амьдрана гэсэн өөдрөг үзэл байгаагүй бол одоо юу болсныг мэдэхгүй шүү дээ. Одоо тэр эгч маань хэнээс ч гуйхгүйгээр ажлаа хийгээд охиноо өсгөөд, сэтгэл хангалуун амьдараад л явж байна :). 


             Харин би өөрөө хэр  их өөдрөг үзэлтэй хүн юм бол? Өөрийгөө гайгүй гэж бодоод л яваад байсан чинь бас үгүй юм шиг байгаамаа, золиг гэж! Ирээдүйдээ яг өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрана гэдэгт бат итгэлтэй байдаг мөртлөө, олон бүтэлгүй зүйлс зэрэг, зэрэг тохиолдоод байхаар, дэндүү шударга бус нийгэмд амьдраад ч байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байхаар, дээш тэмүүлэх тусам доошоо татаад байгаа юм шиг санагдаад ирэхээр шууд сэтгэл санаагаар уначихаж байгаа юм чинь. Гэхдээ энэ бүхнээ аль болох л хурдан зүгээр болгохыг хүсдэг. Угаасаа л ийм хорвоо хойно, учрыг нь олоод л амьдрахаас өөр арга байхгүй шүү дээ. Тэр цэгт яаж хүрэх вэ гэж санаа зовохийн оронд, өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглээд л шууд урагш тэмүүлэх хэрэгтэй. Энэ тал дээр Rokit bay-ийн дуунууд яг л миний хэлэх гээд байгаа зүйлийг өгүүлчихсэн юм шиг санагддаг шүү :p Хэрвээ тэр хүнтэй уулзах завшаан олдвол ёстой жинхнээсээ үнэн сэтгэлээсээ буух халахыг хүсч байна. 
              Өөдрөг үзлийг нэгэн чийдэн гэж бодъё л доо. Тэр чийдэн хүн болгонд л байдаг. Чийдэнгийн удирдлага чиний гарт байгаа. Гэрэлийг нь ихэсгэх үү багасгах уу, бүр унтраах уу гэдэг нь чиний л асуудал. Гэрэлийг нь ихсэхгэх тусам эргэн тойрон, уудам хорвоо ертөнц, шинэ боломжууд харагдана.Тэр чийдэн ганцхан чамайг ч биш эргэн тойрон, чамайг хүрээлж байгаа хүмүүсийг ээж дулаацуулж гэрэлтүүлэх болно. Гэрэл гарж байгаа зүг рүү хүмүүс тэмүүлэх нь гарцаагүй, хүмүүс чамайг хүрээлэн амьдрал чинь улам баялаг болох вий. Чийдэнгээ асааж чадахгүй ч юм уу, гэрэл нь багасчихсан чийдэнтэй хүмүүсийг урмын үг, итгэл найдварын үгээр дүүргэээд явуулж байгаарай :) Бид бүгдээрээ л бие биенээсээ их бага хэмжээгээр хамаарч байдаг болохоор бүгд л аль болох  сайхан амьдарч байвал чи ч гэсэн үр шимийг нь хүртэнэээ :))
     




PS: За эдгээр зүйлс зөвхөн миний үзэл бодол ба амьдралын бүрэн утга учрыг ойлгож амжаагүй "жоохон охин" алдаж бичсэн зүйл их байгаа байх. Энэхүү нийтлэлийг уншаад өөрт төрсөн сэтгэгдэлээ надтай хуваалцаж, үзэл бодлоо солилцож comment үлдээвэл үнэхээр их баярлана шүү :)) (Үг үсгийн алдаа байвал уучлаарай бас нийтлэлийг минь уншсанд маш их баярлалаа ;p)


No comments:

Post a Comment