Энэ нийтлэлийг уг нь тэр нэг өдөр бичих байсан юм. Гэхдээ одоо л нэг юм зав чөлөө гараад бичиж сууна :((. Миний хамгийн их хүндэлдэг, хайрладаг, үлгэр жишээ авдаг хүн бол аав маань юм. Аав маань бага насныхаа тухай хаяа ярихаар нь надад их сонирхолтой санагддаг байсан юм л даа. Тэгээд аавынхаа бага насных нь тухай цухасхан бичье гэж бодлоо :D.
1960-аад он. Дорнод аймгаас ирсэн, "Багшийн их сургууль"-д сурдаг оюутан охин анхны хайртайгаа учирч, тэр хос залуусын дундаас аав минь мэндэлсэн юм. Өвөө маань бэр гуйхаар очиход эмэг эх маань ганц хайртай охиноо өөр, хол аймгийн хүнтэй суулгахгүй гэж тас хориглоод аргагүй эрхэнд эмээ өвөө хоёр маань салцгаажээ. Эмээ маань сургуулиа төгсөх ёстой байсан учир өөрийнхөө төрсөн ахынд хүүгээ өргүүлээд хот руу сургуульдаа явсан гэдэг. Ингээд л аав минь айлд өргүүлж, амьдралдаа нэг ч удаа төрсөн эцэгтэйгээ уулзаагүй юм.
Аавын маань өргүүлсэн айл өөрөөс нь арав ах нэг хүүтэй байсан бөгөөд аавыг өргөж авсаны дараа хоёр хүү нэг охин мэндэлжээ. Аавын маань гэр бүл тэр үед баян чинээлэг айл байсангүй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй л амьдардаг байж. Аавыг 10 настай байхад өргөж авсан аав нь өнгөрч, хөөрхий өргөж авсан ээж нь олон хүүхдээ ганцаараа тэжээж амьдрах болжээ. Хамгийн том ах нь өөрөөс нь олон ах, бас тэгээд хот хөдөө их явдаг байсан учир аав маань л гэрийнхээ ихэнх ажил төрлийг амжуулдаг байжээ. Аав маань 5-р ангид байхдаа гурилын үйлдвэрт ажиллаж, цалингаараа гэр бүлийнхээ хоол хүнсэнд нэмэр болж түүнээс хойш зуны амралт бүрээр л ажил хийдэг байсан юм. Ангидаа сайн сурдаг хүүхдүүдийн тоонд орж, олон ч найз нөхөдтэй байдаг байлаа. Гэхдээ аавын минь найзууд дунд аав шиг амьдралтай хүн байсангүй. Бүгд л байранд амьдардаг, зуны амралтаараа ажил хийх биш орос ч юмуу хот руу зусланд эсвэл аялалаар явдаг дарга нарын хүүхдүүд байлаа. Харин аавын минь хувьд нэг жилийн турш ганц ээлжийн цамцтай өнжих нь хэвийн л үзэгдэл байжээ.
Өргөж авсан эмээ маань нарийн боов, талхны үйлдвэрт ажилладаг байв. Аавын хаяадаа олж ирэх мөнгө, эмээгийн маань цалин хоёр нийлээд сарын төсөв нь болно. Тэр төсвөөс аав болон дүү нарт нь хөгжилдөх, гангалах, ном авч унших мөнгө төдийлөн их гарахгүй. Тэгээд аав маань жижиг зүйлсээр өөрийнхөө хэрэгцээний мөнгийг олно. Бооцоотой зоос шидэх нь үүний нэг жишээ ажээ. Аав бооцоогоо алдахгүйн тулд шөнөжингөө сургуульлалт хийж байсан удаа ч байсан гэдэг. Бас дугуйтай болмоор санагдсан үедээ бөмбөгөө зараад, дээр нь жоохон мөнгө нийлүүлээд авчихна, дугуй нь сонин биш болоод ирэхээр дугуйгаа засаж зараад хоккейн хэрэгсэлд авна гээд л бөөн солилцоо наймаа байдаг байж. Нэг өдөр номын дэлгүүр ороод лангууны цаана байх "Нар чихтэй нохой" гэдэг ном харж л дээ. Аав ч гайхаад "Нар чихтэй нохой гэж ямар нохой байдаг юм бол оо? Гоё ном байхдаа" гээд л бодож өгж. Тэр үеийн номын дэлгүүр нь өөрөө ороод номоо үзээд худалдаж авж болохгүй зөвхөн шилэн лангууны араас хараад "Авбал ав, боливол боль" гэдэг байсан юм шиг байгаан. Тэр номыг харсан яг тэр мөчид мэдээж аавд мөнгө байгаагүй (:P), тэгээд аав нөгөө ном авах гээд л мөнгөө цуглуулж өгж. Мөнгө нь ч цуглараад бөөн баяр болсон хүн нөгөө дэлгүүр лүүгээ ороод нөгөө номоо авсан чинь тэр нь "Нар чихтэй нохой биш", " Хар чихтэй нохой" байсан гэсэн (whahaha). Тэгээд бүр сонирхолтой ч ном биш бараг л үлгэрийн ном байсан гэсэн. Энэ мэтчилэн аавд маань дутагдаж гачигдах зүйл зөндөө байсан ч өөрийн хүчээр тэдгээрийг аль болох л болгох талаас нь үздэг байсан юм шиг байгаа юм.
Аавыг 8 дүгээр ангид байхад нь тагнуулын ерөнхий газраас ирээд "Өөрийнх нь боловсон хүчин болох уу? Ер нь манайд ажиллана, энэ чиглэлээр сурна гэж бодоод нийгмийн хичээлээрээ л сайн бэлдэж байгаарай" гэж хэлээд явжээ. Тэр жилийнх нь зун тагнуулын газраас аавыг маань мөн өөр сонгогдсон хүүхдүүдтэй хамт хот руу зуслан руу явуулхаар болж. Хот руу явах өдөр нь нисэх буудал дээр очитол нислэг нь хойшлогдоод маргааш ниснэ гэдгийг сонсоод мань хүн найзуудтайгаа гадуур баахан хэсчилдээ. Мэдээж гадуур зөндөө тэнэсэн хүн ядраад нам унтчихаж. Өглөө босоод харсан чинь онгоцных нь нисэх цаг болчихсон, сайхан гар нам унтчихсан ёстой нэг баларсан юм болжээ. Анх удаа хот орж үзэх гэж байсан боломж нь ингээд өнгөрлөө гэж бодоод л, нисэх буудал руугаа гүйж өгсөн гэсэн. Бөөн ядарсан хөлс болсон хүн онгоцны буудал дээр очиход, онгоцных нь сэнс эргээд л яг нисэх гэж байжээ. Аав ч гараараа даллаад л хашхираад л байсан чинь онгоц нь зогсоод аавыг минь суулгасан гэсэн. Тэгээд анх удаа хотод очиж үзээд л их сайхан байсан гэсэээн. Яг л нөгөө Хорвоотой танилцсан түүх гээд зохиол дээр гардаг шиг. За ингээд тагнуулын зусланд яваад л, урилгархуу юм сонсчихоод аав маань бараг л тагнуулч болох зам мөрөө тэгшилж байжээ.
Гэтэл 10-р ангиа төгсөх дөхөөд, конкурс ойртож байх үед нь тагнуулын газраас сургуульдаа авахгүй, өөр мэргэжилээр явсан нь дээр гэсэн утгатай зүйлийг аавд хэлжээ. Нийгмийнхээ хичээлийг л хийгээд байсан аав жинхэнэ нөгөө "шатсан" гэдэг шиг л юм болж, үлдсэн хугацаандаа л бусад хичээлээ сайн бэлдэх хэрэгтэй болж. Конкурс ч болоод, оросын ганцхан хуваарь дээр Дорнод аймагтаа л эхний 7д ордог хүүхдүүд нь хоорондоо өрсөлдсөн гэдэг. /Ямар их эрсдэл вэ?/ Тасарчихсан сурлагатай хүүхдүүд оросын хуваарь дээр алалцаж байх хооронд аав маань "Цэргийн их сургууль"-н 3 хуваарийн нэгийг авчээ. (Би анх үүнийгээ ярихыг сонсоод нэг их тоогоогүй боловч одоог бодвол тэр үед их сургуульд орно гэдэг бахархууштай зүйл байжээ.) За ингээд үүргэвчтэй аялал гэдэг шиг л ганц үүргэвчтэй сургуульдаа ирж, их сургуульд байхдаа ээжтэй минь танилцаж, би гэдэг хүн хорвоод мэндлээд л... За тэгээд аав маань "Сайн уу, амьдрал минь" гэдэг шиг л энэ их хөлгүй далайд өөрийнхөө завиар аялалаа эхлүүлсэн байх....
Аавынхаа амьдралын эхний хориодхон жилд тохиолдсон, зөвхөн надад ярьж өгсөн, миний сонссон түүхүүдийг л чадан ядан бичлээ. Ганц миний аав ч гэлтгүй, бидний үеийн аав, ээжүүдэд үүнтэй адил түүх дурсамжууд зөндөө байдаг байх. Энэ нийтлэлийг бичсэн зорилго нь өөрийнхөө одоогийн амьдрал, аав ээжийнхээ амьдралыг харьцуулж үзээсэй, бидний зовлон гээд байгаа зүйл тэдгээрийн хүмүүсийн үзэж туульсны хажууд юу ч биш гэдгийг ойлгоосой гэж хүссэнийх юм. Бас ирээдүйд хүүхдүүд маань миний амьдралын тухай үүн шиг юм бичээд сууж байж магадгүй. Тэр үед бахархмаар, урам зориг орохоор намтар түүхээ бичүүлэхийн тулд одооноос хичээцгээе!
PS: (Үг үсгийн алдаа байвал уучлаарай, бас comment бичвэл их урам орно шүү. Нийтлэлийг минь уншсанд таш их баярлалаа.)

This comment has been removed by the author.
ReplyDeleteHehe hot yavah gj bj untaad balrahaa shahsan baishd. Ih sonirholtoi, hogjiltei bichjee. Aav chn chamaar bas ih baharhdagt itgeltei bna, amjilt!
ReplyDeleteHarin tehh :p. Ulam ih hicheenee :) Bayarlalaa :D
Delete